Bold11Baaska | |
Оройгүй сүм номын тухай
20:44
,
2016-04-21
..
5
сэтгэгдлүүд
.. Холбоос
Л.Түдэв Номын товч агуулга: Нэгэн сохор эр говьд ганцаар амьдрах бөгөөд таягаа үүлэн хөх морь хэмээн нэрлэнэ. Элсэн дээр хатсан ингэний сүү ээзгий мэт болж хувирсанаар хооллон өдөр хоногыг өнгөрөөнө. Угна тэр сагарадам буюу үнэнч шудрагын мөр хөөнө хэмээн сэтгэл шулуудаж явсан цаг саяхан.Гэвч хүний хувь тавилан гэдэг таамаглашгүй юм. Цагаан жимээр явж байна гэж бодож байсан ч сааралтсаар замын төгсгөлд харлана гэж хэн санах билээ. Зохиолын гол дүр Санж хүүг 7 настай байхад нь түүний эцэг Сайнцогт,Чоймчиг гэлэнд шавь оруулан банди болгосон юм. Эцэг Сайнцогт нь ядуу амьдралтай ард бөгөөд нутгийнхаа Буянзалбирах хийдийн балин, шалсай түүж идэж хүн болсондоо талархан хүүтэй болвол лам болгоно гэсэн чинхүү хүслээр Санжийг бурханы зам мөрд хөтлөн оруулсан нь энэ буюу. Ийнхүү 15 насандаа Санж Буянзалбирах хийдэд багшийн хамт ирж ‘гэцэл’ цолыг хүртнэ. Энэ үйл явдалд эцэг Сайнцогт ихэд баярлана. Үр хүүхдээ сайн явахад баярлахгүй эцэг эх гэж хаана байх билээ. Чоймчиг гэлэн,Санж гэцэл хоёр Отгон,Бөхмагнай,Өлзий гэх мөргөлчдийн хамт Алшаа яамыг зорино. Тэд бүгдээрээ өөр өөрийн зорилготой. Тэднийг нэгтгэж байгаа зүйл нь бурханд итгэх итгэл юм. Тэдний дунд яваа Отгон хүүхэн Санжийн ирээдүйг орвонгоор нь эргүүлнэ чинээ санаагүй л яваа. Тэд замдаа олон саад бэрхшээл бартаа саадтай учирна. Чоймчиг гэлэн Санжийг ‘’лхас зуу’’-гийн шашны сургуульд шавилуулхаар явж байгаа ч түүний эцсийн зорилго огт өөр гэдгийг хэн ч гадарлахгүй. Гагцхүү үйлдэл бүхэн нь буяны үйлсэд чиглэгдэж Санж гэцэлд ч өөрийн мэддэг бүхнээ зааж,сургаж байгаа нь түүний үхэхийнхээ өмнө шавьдаа үлдээсэн хамгийн том хөрөнгө гэлтэй. Зул бөххийнхөө өмнө бадмалдаг шиг шавьдаа орчлон хорвоогийн олон сонин зүйлсийн учрыг тайлбарлан мэдсэн сонссоноо түүнд дуулгана. Буянзалбирах хийдээс илүү сайханыг олж үзээгүй Санжийн хувьд замд тааралдах юм бүхэн сонин байсан ч Чоймчиг гэлэнгийн хувьд үхэлрүүгээ ойртсоор л байдаг. Тэр бурхны номонд шамдан суралцсанаас хойш бие, хэл, сэтгэлээрээ нүгэл бүхэнийг тэвчхийг хичээсэн ч сахил хүртсэн лам хүний ёсыг зөрчин хайр сэтгэлийн холбоо үүсгэсэн нь ийнхүү үхлийн замийг сонгох шалтгаан болно. Мөргөлчид Балданлхам бурханд мөргөхөд тэнд сүсэглэхээр ирсэн хүмүүс дунд нэг ч баян хүн байхгүй болохыг олж хараад тэдэнд мөргөх шаардлага байдаггүй бололтой тэгвэл хойд насандаа яаах болж байна. Ер нь энэ насандаа л жаргалтай байх нь эрхэм юм гэсэн эргэцүүлэлийг хийнэ. Аливаа нийгэмд ядуурал ихсэх тусам бурханд итгэн амьдралаа өөрчлөхийг хүсэх иргэд олширдог ч гэж яридагтай холбоотой биз. Тэд амьд амьд яваа насандаа Далай ламтай уулзах болсондоо баярлан хөөрцгөөнө. 13-р Далай ламд мөргөхөд таван лан өгвөл адис занги, ном, бурхан авна. Найман лан өгвөл далай ламын ойролцоо сууж цай будаа хүртэх боломжтой болдог.Адис авсандаа хүн бүхэн баяртай байсан ч Бөхмагнайд огт таалагдсангүй. Бэрээвин хийдэд морь, тэмээ оруулахгүй учир сарлагаар солих үед мөн л тэр эсэргүүцэж байв. Хамгийн бүдүүлэг, юм бүхнийг сөрдөг тэрээр зохиолын төгсгөлд ганцаараа амьд үлдэнэ. Бурханд итгэж мухар сүсэгт автдаггүй байсан нь амьд үлдэх нэг шалтгаан байсантай маргах зүйлгүй. Ингээд санж гэцэлийг Бэрээвийн хийдийн ‘’гоман дацан’’-д шавилан суулгахаар болно. Хэдийгээр санж 15 нас хүртлээ цогчин хуралд суусан ч сурвал сурсан шиг суръя хэмээн шийдээд 13 жил суралцахаар болдог. Хамт явсан Өлзийгийн бие муудаж нас барах бөгөөд төвдийн ‘’донзонпа’’нар буюу оршуулгын ёслол хийдэг хүмүүс нь хүний махыг жижиглэн тас шувуунд шидэж өгсөнөөр тэнгэрт дөт хүрэх зам хэмээн итгэдэг нь хачиралтай. Монголчуудын хувьд санаанд оромгүй нүгэлтэй үйлдэл. Түвд бурханы орон авч хүмүүсийнх нь үйлдэл эсрэгээрээ нүглийг үйлдээд байна уу гэлтэй. Нүгэлтэн гэсэн нүдээр харавч аманд нь ялаа шумуул нисэн орж амьтны амь бүрэлгэнэ гэж амны хаалт хэргэлэх нь сонин. Энэ нь нүглийн нүдийг гурилаар хуурахтай л адил юмсаж. Гоман дацанд Далай лам урт наславал бид сайхан амьдрана гэдэгт түвдийн ард түмэн итгэдэг учраас 20,000 лам 20 хоног ном хурдаг уламжлалтай. Мөн далай ламын амины золиосонд өөр хүнийг төлөөлүүлэх зорилгоор золигт гаргах ёслол үйлддэг. Энэхүү ёслолын дараа Чоймчиг гэлэн үлдсэн мөнгөө Санжид өгөөд, чи сайн лам болно оо гагцхүү атаа жөтөөнөөс холуур байгаарай хэмээн хэлээд зулын гол болно. Санж насан эцэслэсэн хүний хойноос уйлах нь хойд төрлөө олох замыг нь хаадаг юм гэсэн багшийнхаа үгийг санан гашуудсан сэтгэлээ ч илэрхийлж чадалгүй өнгөрөх харамсалтай. Үүнээс хойш гоман дацангийн гавж Лүндэнжунай санжийн багш болдог. Мацаг барьж 16 хоног хоол идэхгүй байх хугацаанд санжийн бие муудаж ухаан алдна. Багш нь мэнгэ голлож, үхээрийн сүнс биед нь шингэж, сүнс нь зайлсан гэх мэт олон таамаглалыг дэвшүүлсэн ч үр нөлөө өгсөнгүй.Үнэхээр бурхны номын хүч үйлчилдэг юм бол яагаад санж тэнхэрсэнгүй вэ? гэх асуулт сонин. Маарамба, бөө ч эмчилж чадсангүй. Сүүлийн аргаа хэргэлэхээр болж ‘’ шимнанц’’ буюу сахил хүртсэн эмэгтэйгээр эмчлүүлхээр болно. Тэр эмэгтэй эм тан, ном уншлага хэрэглэсэнгүй. Гэрийг нь цэвэрлэн, халуун хоол цай өгч, ногоон сонгиноор эмчилдэг. Бидний хэлдгээр хар аргаар эмчилж байгаа юм л даа. Зохиолч үүнийг жор мэддэг ламаас зовлон үзсэн чавганц дээр гэсэн зүйр үгээр илэрхийлсэн нь тун ч оновчтой болжээ. Санж суусан газраасаа шороо атган маарамбаас отчийн ухаан, бөөгөөс сэлмийн увидасыг хэрхэн ашигладгийг оройн цагаар заалгахаар шийддэг. Бидний үеийн залуучууд санж гэцэл шиг номонд шамдвал зохилтой санагдна. Амьдралын юм бүхэн сургамж хүн насан туршдаа суралцдаг гэдэг үнэн юм. Хүний мунхаг сэтгэл, мухар сүсэг хоёр агаар нэгэн ажээ. Пагсан гэгч лам санжийг нутгаа санан монголоор нэг шад (4 мөр) ном уншсаныг сонсоод гэсгүй (хийдийн дотоод хэв журам сахиулагч лам)-д ховлон түүнийг Пабон хааг буюу агуйн сүмийг 3333 удаа тойрох шийтгэлийг оноолгодог. Санж гэцэл тойрч дуусаад гэвш болох шалгалтандаа тэнцнэ. Тэр үед санжийн оюуны сав гэнэт дүүрч гэсэн яриа хийдээр тарна. Энэ нь пабон хаагыг тойрсонтой холбоотой хэмээн бодож түүнийг дуурайн монголоор уншиж шийтгүүлээд хар гэрт хоригдох мунхаг нэгэн ч зохиолд илэрнэ. Хэрээг дагаж галуу хөлөө хөлдөөдгийн үлгэр болж л дээ. Шалгалт авсан лам санжийг сэргэлэн, ухаантай хэмээн шавиа болгон авдаг. Энэ үед Отгон үр хүүхэдгүй учраас лам багшийн хэлсэнчлэн 108 хаалгат сувраганд мөргөхөөр ирсэн байдаг. Бурханд мөргөснөөр түүнд үр заяагаагүй ч тэр итгэсээр байдаг. Хүн бурханд бус өөрөө өөрийнхөө үйл хөдлөлд итгэдэг байх хэрэгтэй. Эс бөгөөс хүн өөрийнөө үнэт зүйлсийг харах нүд нь сохорч, бүхий л зүйлээ бурханд даатгах нь оюун ухаант хүмүүний хувьд харамсалтай гэмээр. Чингиз Айтматовийн “Зуунаас ч ур төдөр” зохиолд гардаг “манкуурт боол”-ыг сагнагдуулах үйл явдалууд олонтаа дурьдагдах нь сэтгэл эмзэглэмээр. Манкуурт боол бол өөрийн гэсэн оюун санаагүй эзнийхээ хэлсэнээр явдаг махан биет робот гэсэн үг. Тэр үед олон жил нутгаасаа хол хичээн суралцсан нөр их хөдөлмөр нь өөрийнх нь дайсан болно гэж яаахан санах билээ. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг нь юм уу. Түвдэд гадны лам том цол хүртсэн тохиолдолд сурсан эрдмээ лам нарт зааж тэндээ үлдэх эсвэл нутаг буцахыг оролдвол түвдүүдийн гарт амиа алдах хоёр сонголт байдаг байлаа. Үүнийг санж ном хаялцаж лхарамбаа(түвдийн хамгийн том лам) цолыг хүртэхдээ яаахам мэдэх билээ. Түүнийг ном хаялцаж ялахад өнөөх муу санаатай, өөрийг нь ховлож пабон хаагыг 3333 удаа тойрход хүргэсэн “Пагсан” бүрсгэр царайлан сууж байсан нь ийм учиртай байсан юм. Харин өөрийг нь хаана ч явсан дагаж долигнож байдаг сайн хүн гэж бодож байсан “Чогсон”лам дайсан нь байлаа. Учир нь түвдэд гадны лам ирэхэд заавал түвд найзыг тохоодог бөгөөд тагнуултай ялгаагүй нэгэн юм. Энэхүү муу мэдээг Пагсан санжийн гэрт ирж дуулгаад буцах бөгөөд түүний хэлсэнээр 4 өдрийн дараа Чогсон гэрт нь орж ирэн түүнийг хөнөөхийг оролдно гэж санж зүүдэлсэн ч үгүй. Гэвч санж сэрэмжлэн унтдаг орон дотроо туламтай гурил хийж өөрөө нуугдсан байснаар аврагддаг. Энэ үйл явдлаар зохиогч инээсэн бүхэн нөхөр биш уурласан бүхэн дайсан биш гэсэн санааг илтгэх гэсэн биз ээ. Ийнхүү санж бэрээмий эмгэний гэлэгмаа хувцасыг өмсөж Өлзийт найзтайгаа оргоно. Энэ үед санж бурханы ном бодит амьдрал хоёр тэнгэр газар шиг ялгаатай болохыг ухаарна.Бурханы гүн ухаанаас Ардын хар ухаан дээр гэсэн өлзийт найзынх нь хэлсэн үг бодит амьдралд ойр байсан юм. Энэ зуур санж өнгөрсөн бүх үйл явдлуудаа эргэцүүлэн бодож бүхнийг ухаарах шиг болно. Ингээд Санждолбийжамц нутагтаа очиж Буянзалбирах хийдийн хамба лам болно. Энэ үед түүний эцэг Сайнцогт хүүгээсээ адис авахаар ирсэн байдаг.Харин санжийн хувьд байж боломгүй үйлдэл байлаа. Сайнцогтын бурханыг хэт шүтэх сүсэг нь тийнхүү төрсөн үрээсээ адис авараах сохор болгожээ. Түүнийг очиход ээж нь насан эцэслэсэн гэдгийг сонсоод ном уншлаа гээд нэмэр байх биш ээжид минь болоод сүсэгтэн олонд хэрэгтэй гэсэн бодлын үзүүрээс “Чойрын дугна” барихаар сэтгэл шулуудна. Тэр үед Отгонтой хайр сэтгэлийн холбоотой болж хүүхэдтэй болсон мэдээ ирнэ. Дуганыг барих явцад гол багана модоныг олохоор явсан эцэг Сайнцогт мондонд дарагдан нас барна. Ингээд Санж сахил хүртсэн лам хүний ёсыг сахиагүй учраас шар сэмжлэх буюу цөллөгөнд явах замыг сонгохоос өөр аргагүй болно. Магадгүй эн үед Санж багш Чоимчиг гэлэнг ойлгосон биз ээ. Бөхмагнай төвдүүдэд баригдан цэрэгт явсан бөгөөд тэндээсээ эхнэр авч дээрэмчин болсон тул Отгон ийнхүү сэтгэл шулуудан Санжид хайртай болсон нь тэр байлаа. Санжийг цөллөнгөнд явах үед Отгон Буянзалбирах хийдийн гавж Дэмчигийн явуулгаар мориноос унаж насан эцэслэдэг. Чойрын дуганаа барьж дуусахад оройн хэсэг л үлдсэн байлаа. Романы зангилаа хэсэг ийнхүү тайлагдна. Санжийн нүдрүү нунтаг цацан хараагүй болгож нүдийг нь боогоод говьд цөлсөнөөр үхсэнээс ялгаагүй амьдралаар үлдсэн хугацааг өнгөрүүлэх билээ. Энэ бол зохиолын эхэнд гарсан сохор эр санж байсан юм. Тэрээр сагарадамын бус даяанчын мөр хөөсөнтэй ялгаагүй ертөнцөд ганцаар амьдрах нь түүний амьдралын сүүлийн үе шат болсоноор зохиол төгсдөг. Төрсөн сэтгэгдэл: Хүний амьдрал төгсгөл нь мэдэгдэхгүй эхлэл ажээ. Өөрийн биш бусдын сонголтоор амьдрах нь хүмүүнийг мухардалд хүргэдэг гэдгийг тунгаан бодож байлаа. Бурханы тухай ойлголт тэр дундаа буддын үзэл сургааль номлолыг бид эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буяныг үйлддэг хэмээн сүсэглэдэг. Тэр дундаа буддын шашны орон болох түвдэд буян хийх нэрийдлээр нүгэл үйлдэж байгаа нь аливаа сайн сайхан үйлдэгд ч муу тал байдаг гэдгийг харж болно. Гагцхүү аль сонголтоор явах нь хүмүүний ухамсар ажээ. Энэхүү романыг уншаад миний сонгосон зам аль хэр үнэн бол төгсгөл нь ямар байх бол гэсэн бодол өөрийн эрхгүй бодогдсоноо нуух юуун билээ. Ингэж бодсон ч сургууль минь эрдэм номыг харамгүй бэлэглэж ирээдүйн замыг минь гэрэлтүүлдэг буянтай газар юм. Сонголт буруу зөвийг ярихын тухайд зохиолд гардаг Санж шиг эцэг эхийнхээ хүсэлтээр бус өөрийн чин хүсэл эрмэлзлэлээрээ мэрэгжлээ сонгосон болохоор харамсах зүйл үгүй биз ээ. Гагцхүү мэргэжилээ сайн эзэмшихгүйсэн бол 4 жилийн хөдөлмөр гэрээсээ хол байсан өдөр хоногууд хий хоосон өнгөрөх учир суралцаж буй хором бүрээ үр бүтээлтэй, чадвартай боловсон хүчин болохын төлөө зарцуулах ёстой гэдгээ улам бүр уамсарлалаа. Мөн энэхүү бүтээлээр хүмүүний “итгэл” гэдэг ямар хүчтэй болохыг харж болно. Нөгөө талаар итгэл гэж нэрлэгдсэн зүйл муйхаралд оруулж мухар сүсэгт автуулдаг талаар харуулах аж. Хүн бүр шүтэх эс шүтэх эрхтэй энэ эрхэнд хэн ч халдах эрхгүй.Бурхан гэж байгаа болохоор нүгэл хийж болохгүй гэсэн итгэлээр муу зүйл хийхгүй амьдарч байгаа нь саашаалтай. Гагцхүү оюун ухаант хүн болж төрсөнийхөө хувьд хийсвэр зүйлд автан үйлдэл бүрээ бурханд даатгахын хэрэг юуун билээ. Хэт мухар сүсэгт автвал төрсөн үртэйгээ ч эцэг хүүгийн ёсоор харьцах тухай мартдагыг санжийн эцэг сайнцогтийн жишээнээс харж болно. Монголчууд ганданд очиж ном уншуулахдаа түвд хэлээр унших номыг нь ойлгохгүй хэрнээ сүсэглэн сууцгаадаг. Түвд хэл мэдэхгүй болохоор мэддэгт мэргэн цоохор мэддэггүйд эрээн цоохор гэгч л болдог. Бурханы гүн ухаанаас ардын хар ухаан дээр гэсэн Өлзийтийн үгийг сайтар ухаарууштай. Шашинд бус шинжлэх ухаанд итгэвэл бид арай бодитой хөрсөнд бууж боломоор санагдах юм. Санж гэцэл бурханы номонд шамдан сураад аав, ээж, хайртай бүсгүй, багш гээд хэн ч түүнд үлдсэнгүй. Гагцхүү үүлэн хөх морь гэж нэрлэсэн таяг, даяанчын мөрөөр амьдрах зам л түүнд үлдлээ шүү дээ. Магадгүй санж жирийн ардын амьдралыг сонгосон бол энгийн бөгөөд аз жаргалтай амьдрах байсан биз. Уран зохиолын ном үйл явдалаар дамжуулан Ухаарал хайрладаг нь юутай гайхамшигтай. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдДайснаа ч ээж шигээ хайрлаЦагаахан цаасан дээр ертөнцийн хамгийн сайхан зургийг зурахуй Мэргэжлээ хобби болгон амьдралаа бүтээсэн нь Зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж чадвал Хайрын өлсгөлөн Хорвоо хэнийг шагнахаа аргагүй л мэддэг нүдтэй гэмээр амьд оршихуй юм Чимээгүй сүндэрлэсээр Жирийн малчны хотноос малчныг хайрлах сэтгэлтэй болсон Оройгүй сүм номын тухай Үсээ задлавал нөхөр уурлана Найзууд |