Bold11Baaska | |
Зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж чадвал
17:25
,
2016-05-19
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Овог нэр: Мушелбай Аскирбек Байгууллага: Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, хүүхдийн тасаг Албан тушаал: Сувилагч /Энэрэл АУДС-ыг 2003-2007 төгссөн/ Ажилласан туршлага: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 4 жил ажмлласан. Одоо Налайх дүүргийн ЭМН хүүхдийн тасагт 4 дэх жилдээ ажиллаж байгаа. -Сувилагч мэргэжлийг сонгох болсон шалтгаан? Яагаад? -Миний хувьд эцэг эх, гэр бүлийхнийхээ зөвлөсний дагуу сувилагч мэргэжлийг сонгосон. Сургуулиа төгссөн байхад ажилгүй байна гэж байхгүй, мөн “айл гэрт нэг эмч байх ёстой” гэсэн зарчмаар мэргэжлээ сонгож авсан. -Ажил мэргэжлээ бусдынхаас юугаараа давуу талтай хэмээн сонгосон бэ? Өөрөөр хэлбэл сувилагч мэргэжлийн бахархал? -Хүнд тусална, хүнийг үхлээс аварч байна, сувилан эмчилж байж эдгэрүүлж байна, эрүүл болгоод эмнэлгээс баяр баясгалантай гарахыг нь харах буянтай мэргэжил сонгосондоо бахархаж явдаг. -Мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлаж чадсан эсэх? Ингэж дурлах шалтгаан нь юу байдаг вэ? -Тиймээ миний хувьд мэргэжилдээ чин сэтгэлээсээ ханддаг. Ер нь аливаа мэргэжилд сэтгэлээсээ хандаад ажиллавал цалин мөнгө, нэр алдар гээд бусад зүйл аяндаа өөрөө ирдэг гэж боддог. Хүмүүс чин сэтгэлээсээ хандаж чаддаггүйн нэг шалтгаан нь хүссэн мэргэжил нь биш байж болно. Сэтгэл хөдлөлөөрөө мэргэжлээ сонгосон ч юм уу. Залуус маань төрийн албаны цалинг голдог зүйл ажиглагддаг. Мөнгөний төлөө ажилладаг, өдөр хоногийг аргацааж өнгөрөөснөөр чин сэтгэлээсээ ажиллах нөхцөл бүрддэггүй байх. -Таны хувийн аз жаргал сонгосон мэргэжилтэй тань холбоотой юу? -Миний хувьд гэрийнхнийхээ зөвлөснөөр сувилагч мэргэжлийг сонгосон болохоор хэлж мэдэхгүй юм. Гэхдээ хүмүүсийг эмчилдэг буянтай мэргэжил сонгосондоо сэтгэл хангалуун байдаг. Гэрийнхнийхээ зөвлөгөөг дагасандаа харамсдаггүй ээ. Ер нь хүн сонирхсон, өөрийн дуртай мэргэжлээ сонгосноор илүү аз жаргалд хүрнэ шүү. -Эцэг эхчүүд хүүхдийнхээ мэргэжил сонголтонд том нөлөө үзүүлж байгаа нь харагддаг л даа? Энэ ер нь хэр оновчтой юм бол? Төгсөөд ажилгүй байгаа нь үүнтэй хамааралтай юу, та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? -Эцэг эхийн шийдвэр зөв байж болох ч өөрийхөө сонирхлоор сэтгэл хөдлөлдөө авталгүй, төгсөөд хөдөлмөрийн зах зээл дээр ажлын байрны хүрэлцээ хэр байх зэргийг судалж, найз нөхдөө даган дуурайж гаднаас нь дүгнэлгүй мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгож сонгох гээд олон асуудлыг харгалзан үзэх хэрэгтэй. Эцэг эхчүүдийн хувьд тодорхой зүйлд чиглэл өгч хүүхдээ аль болох сонирхолоор нь явуулах хэрэгтэй. Нэгэнт сонирхлынх нь дагуу мэргэжил сонгуулах гэж шийдсэн бол хүүхдээсээ үр дүнг нь заавал харах хэрэгтэй. Төгссөнийх нь дараа бэлэнчлэх сэтгэлгээнд сургалгүй цалингаа голбол түүнийг нь хүлээж авалгүй, “өөрийх нь сонирхлынх нь дагуу суралцуулсан учраас чи сайн сурсан байх ёстой, өөрийнх нь цаашдын амьдрал тэвчээр хатуужилтай байхаас эхэлнэ” гээд хатуухан үг хэлээд өгвөл тэр хүүхэд арай өөр юм бодно доо. Тэгэх юм бол хүүхдүүд мэргэжлээ хариуцлагатай сонгож, сонгосон мэргэжилдээ ч сайн сурах болов уу гэж боддог. -Ажилд орсон анхны жилүүдэд тулгарч байсан бэрхшээл? Түүнийгээ хэрхэн даван туулж байсан талаараа хуваалцаач? -Бэрхшээл зөндөө шүү дээ. Дөнгөж төгссөн оюутан, олон жил ажилласан ажилтан хоёр тэс ондоо. Төгсөөд удаагүй, оюутны ширээнээс ирсэн хүүхэд чинь ажил гарт нь ороогүй, асуухаас эмээнэ, ичнэ, зовно, мэдэхгүй зүйлээ асуучихвал дөнгөж төгсөж ирсэн байж юм мэдэхгүй гэж хэлэх болов уу гэж эмээдэг байсан. Дараа нь над дээр дөнгөж төгсөж ирсэн оюутан ажилд орход би мэдэхгүй зүйлээ шууд асууж байхыг зөвлөдөг. Нэлээд хугацааны дараа дахин шинэ төгсөгч над дээр дадлагажигчаар ирэхэд өмнө нь дагалдаж байсан сувилагч маань “та энэ хүүхдэд ч бас надад зааж байсан шигээ заана биз дээ” гэж хэлэх тэр үед би өөрөөрөө их бахархсан. Одоо тэр сувилагч маань хийж байгаа зүйлдээ нягт нямбай сайн ханддаг сувилагч болсон. Би өөрөө ч мөн ахмад үеэсээ суралцаж ирсэн. Ингэж л би бэрхшээлийг даван туулж байсан даа. -Энэ мэргэжлээр ажилд ороход хамгийн түрүүнд тавигддаг гол шаардлага юу вэ? Тэрхүү шаардлагыг хангахын тулд оюутнууд юу хийх ёстой вэ? -Юун түрүүнд сонгосон мэргэжилдээ дур сонирхолтой байж энэ мэргэжлээрээ цаашдаа олон жил ажиллана гэж өөртөө том зорилго тавих хэрэгтэй. Тэр дундаа сувилагч хүн аливаа юманд гярхай нямбай ханддаг, ажлаа цаг цагт нь хийх ёстой хариуцлагатай ажил шүү дээ. Бичиг цаасны ажил биш хүний амь насыг хариуцаж байгаа маш хариуцлагатай мэргэжил. Хайнга хүмүүс байдаг л даа тэр зангаараа хүнд буруу тариа хийчихвэл өөрөө л хариуцлагыг нь хүлээнэ шүү дээ. Хариуцлагыг өөрөө хүлээнэ гээд хайнга хандаж болохгүй. Хүний амь хохирвол хичнээн хариуцлага хүлээсэн ч юугаар ч солиод, эргүүлэн авчирч чадахгүй. -Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? -Өглөө 08.15 цагт ажилдаа ирсэн байна. Ээлжийн сувилагчаасаа ажлаа хүлээж авна. 10.00 цагт хүүхдүүдээ үзэж эхэлнэ, эмчилгээ хийнэ, эмчилгээ хийхэд их цаг зарцуулагддаг. Манайх хүүхдийн тасаг учраас хүүхдүүдэд асаргаа сувилгаа, анхаарал халамж байнга шаардагдаж байдаг. Өдрийн цайны цаг ачааллаасаа хамаараад янз бүр 13.00-14.00 цагт байдаг. Орой эм, тариагаа зарлагадаад дараагийн ээлжиндээ хүлээлгэн өгөхөд бэлэн болгоно доо. -Сувилагч хүний ажлын орчин нөхцөл ямар байдаг вэ? Ямар орчинд хэрхэн ажилладаг вэ? -Бидний хувьд бол хамгийн түрүүнд ажлын орчин цэвэр, халдвар, хамгааллын тал дээр төрөөс хангалт сайн байдаг. Ажлын орчин нөхцөл дотоод үйл ажиллагааны соёл зэргийг бид өөрсдөө бүрдүүлэн ажилладаг. Өөртөө болоод үйлчлүүлэгчдийг халдвараас сэргийлж анхан шатны хамгаалалт болох бээлий өмсөх, үйлчлүүлэгчээ эмчлэхээс өмнө гараа ариутгах зэргээс ажлын орчин нөхцөл бүрдэж байдаг. Тоног төхөөрөмжийн хувьд урьдынхаасаа мэдээж сайжирч байгаа. -Ажилдаа удах тусам туршлага хуримтлуулж байна уу? Хэдий хэр хугацаанд ажиллаж байж туршлагын тухай ярих вэ? -Туршлага бол насан туршдаа байх хэрэгтэй зүйл. Ажилласан жилээсээ хамаарч туршлага сууна. Эхний 2-3 жилдээ хуримтлуулж чадахгүй суралцаж байдаг. Гурваас дээш жил ажиллаж байж туршлагын тухай ярих хэрэгтэй байх. Мөн тэр хүн хэр их мэдлэг мэдээлэлтэй байгаагаас туршлага яригдана. -Өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ? Анх ажилд орох үед тавигдаж байсан шаардлага өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөн бэ? -Хүн насан туршдаа суралцдаг болохоор сувилагч хүн өдөр бүр хөгжиж байдаг. Өдөр бүр адилхан үйлчлүүлэгч ирнэ гэж байхгүй. Өөр өөр өвчний шинж тэмдэгтэй байгаа болохоор тэр бүгдээс суралцаж байдаг. Анх тавигдаж байсан шаардлага одоогийнхтой ерөнхийдөө адилхан боловч нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөлтүүд гардаг. -Таны мэргэжлийн хамгийн хэцүү зүйл юу вэ? Ажиллах хугацаандаа маш их тэвчээр шаардсан асуудалтай тулгарч байв уу? -Биднээс маш их тэсвэр тэвчээр байнга шаарддаг. Зарим хүмүүсийн өвчиндөө шаналсан байдлаас урган гардаг харилцаанаас бид их стрессддэг. Тухайн үедээ хэцүү санагддаг ч, өвчтөний бие мах бодод өөрчлөлт гаран сайжирч эхлэхэд тэр бүх хүнд хэцүү зүйл мартагддаг. Мөн өвчтөнтэй зөв харилцдаг байх хэрэгтэй. Тэр хүн өвчнөөсөө болоод ямар ч авир гаргаж болно түүнийг тайван хүлээж авах нь сэтгэлийн асар их тэвчээр шаарддаг. -Албан тушаал ахихын тулд хэдий хэр хугацаа зарцуулах вэ? -Дор хаяж 10-15 жил. Тавигдах шаардлага, сувилагчийн зэргээсээ хамаарна. 8-10 жил ажиллаж байж ахлах сувилагчийн зэрэг авдаг. Ахлах сувилагч тодорхой хэмжээний нэмэгдэл цалин авдаг. -Хэдэн жил тасралтгүй ажиллавал тогтвортой ажилтан гэж үзэх вэ? -Тухайн ажилтнаас хамаарна. Сувилагч болох чадвартай эсэх, мэргэжлээрээ ажиллах сонирхол байна уу, ачаалал даах чадвар хэр байна, үйлчлүүлэгчтэй харилцах харилцаа зэргийг өөрийн зүгээс хангасан байх шаардлагтай гэх мэт олон үзүүлэлт тогтвортой ажилтан болох үгүйд нөлөөлнө шүү дээ. -Энэ мэргэжлийг эзэмших гэж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэх зүйл зөндөө байгаа байх даа? -Юуны өмнө өөрийнхөө сонирхлоор мэргэжлээ сонгох хэрэгтэй. Хүний амь нас хариуцан ажиллах учраас өндөр хариуцлагатай, цаг баримтлах чадвар, хувийн зохион байгуулалт зэргээс шууд хамааралтай. Мөн сэтгэлийн тэвчээр шаардлагатай. Мэдээж ачаалал ихтэй үе байлгүй яах вэ, гэхдээ ажилдаа ирээд ядрах биш эрч хүч авдаг сэтгэлийн стресс бүх зүйлээ мартаж чадах тийм мэргэжлийг сонгох хэрэгтэй. Тэр бүхэн мэргэжилдээ хэр дурлаж чадсанаас л шалтгаална гэж би боддог. -Сувилагч эхний жилдээ хэдий хэр авах цалин авдаг вэ? Цалингийн дээд хэмжээ хэд байдаг вэ? -Ажилласан жилээсээ шалтгаална, дөнгөж төгсөж ирсэн сувилагчийн хувьд 460,000 төгрөг байдаг. Тухайн эмнэлгээсээ шалтгаалаад өөр өөр байдаг л даа. Мөн ур чадвараас шалтгаалан шат шатаараа янз бүр байна. Илүү цаг хийж цалингаа нэмэгдүүлэх боломжтой. -Таны хувьд мөрөөдөл гэж юу вэ? -Хүн өөрийхөө амьдралд сэтгэл хангалуун байх тэр мэдрэмжид хүрэх зам. Түүнийгээ хийхийн төлөө шунан дурлах тэмүүлэл юм. -Ямар үед сувилахуйн мэргэжил эзэмшсэндээ бахархах мэдрэмжийг хамгийн их мэдэрдэг вэ? -Өвчтөн эмчлүүлсний үр дүнд сайжраад эмнэлгээс гарах үед, мөн тэдний ар гэрийхний сэтгэлийн амар амгалан байдлыг харах мөч. Үйлчлүүлэгч надад итгэл үзүүлж, өвчнийг минь эдгээж чадна гэж зөвхөн надад итгэл үзүүлж байгаа хүмүүсийг харах, тэднээс талархсан сэтгэлийн үгийг сонсох тэр үед л өөрийн эрхгүй мэргэжлээрээ бахархдаг. -Таны амьдралдаа хийж байсан хамгийн том сонголт, шийдвэр юу байсан бэ? Магадгүй тэр шийдвэрийг гаргаснаараа өнөөдрийн амжилтанд хүрсэн байж болох юм. -Арван жилээ төгсөөд хоёр гурван мэргэжлийн дунд тээнэгэлзэж байсан. Гэрийнхэн маань сувилагч төгсөөд хаана ч явсан ажлын байртай сонгоход алзахгүй гэсэн зөвлөгөөг даган сувилагчийн мэргэжлийг сонгосон тэр үе юм уу даа. Гэрийхнийхээ зөвлөгөөг дагасандаа ч харамсдаггүй, буруутсан юм алга. Би өөрөө ч мэргэжилдээ дуртай байсан. -Мэргэжлээрээ төгсөөд ажилд орсны дараа хувь хүн юуг анхаарч өөртөө ямар зүйлийг дадал болгох ёстой байдаг юм бол? -Анхнаасаа л ажилдаа чин сэтгэлээсээ хандаад аливаад хариуцлагатай байж сурчих хэрэгтэй. Тэгэхгүй өдрийг аргацаасан хандлагыг өөртөө бий болговол өөр ямар ч ажил хийсэн та өөрчлөгдөнө гэж байхгүй. “Илүү өндөр цалинтай эсвэл сайн ажилд ороод сэтгэлээсээ ажиллана” гэж бодох бол өрөөсгөл ойлголт. Хүний уг суурь хүмүүжил, төлөвшил гэдэг насан туршдаа дагалддаг зуршил байдаг учраас ямар ч ажил байсан сэтгэлээ шингээж л ажиллах хэрэгтэй. -Сувилагч мэргэжлийг хэлц үгээр тодорхойлж хэлбэл? Ачилж асардаг Энэрч эмчилдэг мэргэжил. -Хүн ардыг эмчилж эдгээх энэ цаг наргүй их ажлын хажуугаар надад үнэтэй цагаасаа зарцуулж хүүхдүүдэд мэргэжлээ хэрхэн зөв сөнгох талаар мэдээлэл өгч туршлагаасаа хуваалцсан танд маш их баярлалаа. -Баярлалаа.
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүдДайснаа ч ээж шигээ хайрлаЦагаахан цаасан дээр ертөнцийн хамгийн сайхан зургийг зурахуй Мэргэжлээ хобби болгон амьдралаа бүтээсэн нь Зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж чадвал Хайрын өлсгөлөн Хорвоо хэнийг шагнахаа аргагүй л мэддэг нүдтэй гэмээр амьд оршихуй юм Чимээгүй сүндэрлэсээр Жирийн малчны хотноос малчныг хайрлах сэтгэлтэй болсон Оройгүй сүм номын тухай Үсээ задлавал нөхөр уурлана Найзууд |