Bold11Baaska

Мэргэжлээ хобби болгон амьдралаа бүтээсэн нь

Энэ хүнээс ярилцлага авна гэдэг миний хувьд хүнд даваа байлаа. Ярилцлага өгөхгүй байх вий гэсэн бодол намайг зорилгоосоо няцах сэтгэлийг өгч байсан учраас шуудхан л ярилцлага авах болно энэ л хүнээс ярилцлага авбал түүний чин сэтгэлийн яриа, зөвлөгөөг мэргэжлээ сонгох гээд эргэлзэж байгаа хүүхдүүдэд зөв шийдлийг өгч чадна гэж өөрийгөө зоригжуулан түүний амьдралын 30 жилийг өөртөө уусгаж тэр хүнээр чимж чадсан Налайх дахь МСҮТ-ийн хаалгаар орлоо. Геологийн инженер Дэлгэр багш байгаа эсэхийг асуухад хуралтай байгааг сонсоод хурлын танхимын гадаа хоёр цаг гаран хүлээсний эцэст миний уулзахыг зорьсон багш урдаас гарч ирэх нь тэр. Хүлээж байх зуураа асуух асуултуудаа бодож, бүр өмссөж зүүсэн хувцасаа, зочинтойгоо эхэлж мэнд мэдэх юм шүү гээд бүхий л зүйлийг бодож, биеэ барьж байсныг нуух юун. Одоогоос хоёр, гурван жилийн өмнөөс геологийн мэргэжилтэн их дээд сургуулиудад бэлтгэгддэг болсон болохоор зочин маань бизнесийн ухаан, аж ахуй эрхлэлтийн хичээл заадаг геологийн инженер-багш хүн юм. Тэтгэвэртээ гарах насны хүн ч гэсэн биеэ их сайхан авч явдаг, өндөр боловсролтой, ихэмсэг төрхтэй тэр л багштай нүүр тулж аль сургуульд сурдаг хэн болох, ямар зорилготой явж байгаагаа танилцууллаа. Гэтэл урдаас хөнгөхөн мишээснээ цаагуур чинь мэргэжлээ хэрхэн зөв сонгох талаар мэдээлэл өгөх багш нар олон байгаа тэд нараас авахгүй юу заавал надаас ....гэхэд нь би геологийн мэргэжил талаас нь мэдээлэл авах юм аа, таныг олон жил ажилласан туршлагатай болохоор танаас л авна гэж зорьж ирлээ. Та надад  боломжтой бол ярилцлага өгч тус болооч гэхэд “за тэндээс сандал аваад суучих, тэгээд асуу асуу” гэж урд тавагтай ааруул тавилаа. Ингэж л бидний ярилцлага эхэлсэн юм......

-Геологичийн мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

-Энэ мэргэжлийг сонгоход нөхөр маань нөлөөлсөн. Миний хувьд тэр үед бага ангийн багш байсан л даа. Гэр бүлийн хүмүүс хоёулаа геологич байхгүй бол бага ангийн багш тэр болгон хөдөө хээр мэргэжлээрээ ажиллах боломжгүй байсан нь энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн. Мэдээж хэрэг сонирхол байсан.

-Ажил мэргэжлээ бусдынхаас ямар үзүүлэлт хэмжүүрээр давуу талтай гэж сонгож авсан бэ? Өөрөөр хэлбэл геологич хүний мэргэжлийн бахархал?

-Хүн болгон эх орондоо хайртай байдаг шүү дээ. Эх орныхоо эрдэс баялгийг нээх, уул ус газар нутаг, алс холын аймаг сумдуудтай очиж танилцах гэх зэрэг тал дээр өөрийн хүсэл эрмэлзэл байсан. Түүнийхээ дагуу мэргэжлээ сонгосон. Давуу тал нь гэвэл нэгдүгээрт, монгол орондоо очоогүй аймаг сум бараг байхгүй, тэдгээрт очиж судалгаа шинжилгээнд оролцож байсан. Хоёрдугаарт, эх орноороо бахархах, энэ мэргэжилд олон хүмүүсийг татан оролцуулах юмсан гэсэн хүсэл эрмэлзлэлийг надад төрүүлж өгсөнөөрөө давуу талтай.

-Мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлаж чадсан уу? Хэрвээ тийм бол дурлах болсон шалтгаан юу байдаг? Олон хүн яагаад ингэж дурлаж чаддаггүй юм бол таны бодлоор?

-Хэд хэдэн том шалтгаан байгаа. Тухайн үед бидэнд энэ мэргэжлийг эзэмшүүлэх гэж хичээл зааж байсан гадаад, дотоодын эрдэмтэн багш нар, тэдний яриа лекцүүд мэргэжилдээ дурлахад нөлөөлсөн. Мөн энэ мэргэжил маань дандаа байгаль дэлхий, хүрээлэн буй орчинтой үргэлж холбогдож байдаг нь намайг их татсан. Мэргэжилдээ чин сэтгэлээсээ дурлахгүй байгаа шалтгаан нь “хүн болгон дээд боловсролтой л болох ёстой” гэж бодох болсонтой холбоотой. Дээд боловсролтой болж байгаа нь л чухал болохоос мэргэжилдээ дур сонирхлоороо ханддаггүй, эцэг эхчүүд ч “олдсон дээр нь” гээд оноогоор нь оруулчихдаг. Явцын дунд хүүхдэд өөрт нь “би чинь энэ талбарт ажиллаж чадах хүн мөн үү, биш үү”, “миний амьдралын орчин нөхцөлтэй таарч байна уу, үгүй юу” гэх мэт асуудал гарч ирнэ. Багаасаа чин сэтгэлээсээ мэргэжилдээ дурлаагүй болохоор анхны саад бэрхшээлүүдэд амархан шантрах болж “дэмий мэргэжил сонгочихов уу?” гэсэн бодол өөрт нь буй болчихоор хичээл сурлагандаа хайнга хандаж өдрийг аргацааж явсаар төгсөөд нөгөө л сулбагар байдлаараа ажилдаа хандсанаас үүдэлтэй гэж боддог.

-Таны хувийн аз жаргал сонгосон мэргэжилтэй чинь холбоотой юу? Тийм бол ямар сэжмээр холбогддог вэ?

-Би геологийн мэргэжлийг сонгож эзэмшээд энэ байгууллагад тасралтгүй зургаан жил ажилласан тэр үедээ МЗХ-ны “Тэргүүний ажилчин залуу” алтан медаль авч байсан. Энэ шагналыг Заамрын алтны бүлэг шороон ордыг нээхэд хичээл зүтгэл гаргасны минь төлөө өгсөн. Хожим нь геологийн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд оруулсан хувь нэмрийг минь үнэлж МУ-ын тэргүүний геологич гэсэн цол тэмдгүүдийг өгсөн. Энэ бүгд надад ажиллах урам зориг хайрлаж, амьдралын баталгаа, аз жаргалын минь салшгүй нэгээхэн хэсэг бол гарцаагүй миний мэргэжил мөн.

-Ажилд орсон анхны жилүүдэд тулгарч байсан бэрхшээлүүд? Түүнийгээ хэрхэн даван туулж байсан талаараа хуваалцаач?

-Бэрхэшээл байлгүй яах вэ. Эмэгтэй хүний хувьд геологич мэрэгжлээр төгсөж ирээд Элстийн цагаан тугалганы орд гэдэг газрын нарийвчилсан хайгуул дээр анх томилогдож байсан. Тухайн үед геологи тийм нарийн байгаагүй, нэлээн бүдүүн тоймын, эрчүүд голдуу ажилладаг салбар байсан. Тэр үед инженер техникийн ажилчдын дотор эмэгтэчүүдийн эзлэх хувь нь бага байсан үе л дээ. Шинэ залуу төгсөж ирсэн хүн өрмийн геологичоор томилогдоод ирчихсэн, хүмүүс миний хөдөлмөр хамгааллын шаардлагыг биелүүлэхгүй байх, энэ юу мэдэх вэ дээ гэсэн байдлаар хүлээж авах тохиолдлууд байсан. Яваандаа юм нарийн болоод ирэх үед миний тавьж байсан шаардлагууд зөв байсан гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Сүүлдээ зөв өрөмдсөн юм уу, гүн нь зөв таарч байна уу, үгүй юу гэдгийг картаж хийж үздэг болсон. Анхны картаж хийхэд тухайн үед Ганбат гэж өрмийн мастер байлаа. Би геологичоор нь ажиллаж байсан. Ганбатын маань өрөм яг метр гүнээр нь таараад бид тухайн үедээ шагнал авч байсан. Бусад өрмүүдийн метр дутсанаас болоод хээрийн нэмэгдлээ бүтэн сараар нь хасуулах зүйл тохиолдож байлаа.

-Энэ мэргэжлээр ажилд ороход хамгийн түрүүнд тавигддаг гол шаардлага юу вэ? Тэрхүү шаардлагыг хангахын тулд сурагч оюутнууд юу хийх ёстой вэ?

-Хамгийн түрүүнд эх орондоо их хайртай бай, уул ус газар шороогоо яагаад ийм бүтэцтэй байгаа юм бол гэдгийг сонирхож энэ хад яагаад ингээд ургачихсан юм бол? Энэ чулуу яагаад ийм хэлбэртэй болчихов? Чулуу улаан байгаа учир нь юу юм бэ? гэх мэтчилэн өөрөө их сониуч байх хэрэгтэй. Мөн компьютер, англи хэлний мэдлэгтэй байхыг одоо үед шаардах болсон. Өөөрийхөө гарын ур дүйгээ давхар хөгжүүлж, чулуу болгон эрдэс баялагтай түүний дотор ямар эрдэс байгаа бол гэдгийг сонирхож харах юм бол чулуу болгон сонирхолтой санагдана, ямар нэг зүйл хэлж өгнө. Хэрвээ түүнийг зүгээр л нэг чулуу мэтээр харах юм бол юу ч олж авч чадахгүй өөрөө ч хөгжихгүй бусдад ч хэлэх юмгүй геологич болно гэсэн үг. Аливаа юманд хайнга, хөндий, хийсвэр хандвал энэ бол хүнд хэцүү мэргэжил юм.

-Геологич хүний ерөнхий гүйцэтгэдэг ажлыг тодорхойлж хэлбэл?

-Геологичид олон янз байдаг. Өрмийн геологич, ашиглалтын үеийн геологич, хайгуулын үеийн геологич, зураглал хийж байх үеийн геологич гээд байна. Энэ олон геологичдын онцлог өөр өөр байдаг. Тухайн үед геологийн ямар үе шатны ажилд оюутан маань оролцож байна түүнээс шалтгаална. Гэхдээ хамгийн гол нь геологич болно гэсэн нэгэн үзүүрт сэтгэл ажлын бүтээмжид их нөлөөлнө л дөө. Зорилгынхоо төлөө шантрахгүй байх шаардлагатай.

-Геологич  хүний ажлын орчин нөхцөл ямар байдаг вэ? Ямар орчинд хэрхэн ажилладаг вэ?

-Орчин нөхцөл бол хотын паартай байранд амьдрахаас тэс өөр зүйл. Хөдөө орон нутагт халуунд халж, хүйтэнд хөрч, шавар усанд машин техник сууж, өдөржин шөнөжин хоолгүй байх нөхцөл бидний үед байсан. Одоо бол геологийн шинжлэх ухаанд шинэ арга технологи нэвтэрснээс шалтгаалаад геологийн ажил харьцангуй хялбар болсон ажиглагддаг. Гэхдээ геологич хүн бол нэлээд саад бэрхшээлийг даван туулж байж л эх орныхоо эрдэс баялгийг нээнэ шүү дээ. Хамгийн гол нь сэтгэл, хандлага  хэрэгтэй.

-Ажилдаа удах тусам хэрхэн туршлага хуримтлуулдаг вэ? Ямар хугацаагаар ажиллаж байж туршлагын тухай ярих вэ?

-Хүн насан туршдаа суралцаж байх ёстой. Одоо ч надад сурч мэдээгүй зүйлс олон байдаг. Энэ олон жил геологийн хичээл зааж олон арван төгсөгчдийг үйлдвэрлэл дээр гаргаж хамтарч ажиллаж үзлээ. Энэ хугацаанд мэдээгүй өнгөрсөн зүйлүүд олон байсан. Туршлагын тухайд хэдэн жил ажилласнаасаа хамаарах байх гэж бодож байна.

-Жил ирэх тусам өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ? Анх ажилд орох үед тавигдаж байсан шаардлага өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Өөрчлөгдөлгүй яах вэ. Жил ирэх тусам өөрчлөгдөж байгаа. Тухайн үед биднийг ажилд орж байх үеэс компьютерийн мэдлэг тэр дундаа агаар сансрын зургийн тайлал хийх мөн геологийн кординатуудыг татах гэх мэт компьютерийн үйл ажиллагаа их болсон байна. Геологийн карт зургийг хүртэл компьютер дээр хийдэг болсон байна. Бидний үед гараараа өдөржин шөнөжин зурдаг байлаа. Ганцхан орос хэл л байхад болдог байсан бол одоо англи, орос гээд гадаад хэлний мэдлэг аль аль нь шаардлагатай болж. Болохгүй бол энэ талын мэдээллийг уншиж өөрийгөө хөгжүүлэх боломж хомс болжээ.

-Таны мэргэжлийн хамгийн хэцүү зүйл буюу ажиллах хугацаандаа их тэвчээр шаарддаг зүйл юу байв? Өөрөөр хэлбэл шалгуур үзүүлэлт нь юу вэ?

-Бид байгалтайгаа харьцаж явдаг учраас өндөр, өргөн уулыг гатлах шаардлагатай. Тэгэхээр тэсвэр тэвчээр л хэрэгтэй. Мөн зөв хандлага хэрэгтэй.

-Сургуулиа төгсөөд л геологийн ажлаа хийж байв уу? Эсвэл анхнаасаа геологийн багш болох зорилготой байсан уу?

-Эхлээд Дархан хотын ТТК, Эрхүүгийн их сургуулийг төгссөн. Эхний хэдэн жил мэргэжлээрээ ажилласан геологийн хайгуулд явж байсан гидрогеологийн, мөн цагаан тугалганы хайгуул, алтны хайгуулын чиглэлээр ажиллаж байгаад хожим нь төв суурин газар байх шаардлагтай болсноор дахин МУИС-ыг геологийн багш мэрэгжлээр төгссөн. Геологийн багшаар 16 жил дагнаж  ажиллалаа. Тэр үед Налайхын МСҮТ-д анх дээж угаагчаар алтны шороон ордны баяжуулагч мэргэжлээр анхны ангиа нээж байсан. Дараа нь гүнзгийрүүлэн ашигт малтмалын эрэл хайгуул мэргэжилтэй геологийн ажилтан бэлтгэх элсэлтийг авч байсан. Сүүлд манай сургууль ТИС-ийн харьяа лицей сургууль гэж байгуулагдаад шаталсан хэлбэрээр мэргэшүүлж байсан. Багш байх геологич байх хоёрын хооронд их ялгаатай л даа. Багш хүн гэдэг бол заавал өөрийхөө мэдлэгийг бусдад сургах шаардлагатай хүн, геологич гэдэг бол өөрөө мэдлэгээ олж аваад хамт олноо бүрдүүлэн орчин нөхцөлдөө зохицоод ажиллаж чадвал бусдаас суралцахад ч гэсэн дөхөм байдаг. Тухайн үеийн сайн геологичдоос олон зүйлийг мэдэж авсан тэр мэдлэгүүд маань багш болоход их нөлөөлсөн. Багшаа ч хийчихдэг геологийн ажлаа ч хийчихдэг хөрвөх чадвартай байна гэдэг сайхан зүйл. Цаашид геологич болох хүүхдүүд маань мөн л ийм байвал сайн.

-МУ-д геологийн хөгжлийн үе шат ямар төвшинд явж байгаа юм бол? Ажлын байрны тал дээр хэр байдаг вэ?

-Эрчимтэй хөгжиж байсан үетэй одоогийн байдлыг харьцуулан дүгнэж үзэхэд хөгжлийн байдал суларсан үе юмуу гэж санагддаг. Зах зээлийн тогтворгүй үе, улс орны эдийн засгийн байдалтай холбоотой байдаг байх мөн хувийн хэвшлийн байгууллагууд олноор гарч ирсэнтэй холбоотой ч байж магадгүй. Яг хөгжлийнхөө үед бол улсын төсвөөр бүх юм хийгдэж байсан геологичдыг төгсөнгүүт нь яамны томилолтоор орон нутагт томилон ажиллуулдаг байлаа. Одоо бол хувийн байгууллагад өөрийгөө сурталчилж өөрийгөө таниулж нээж чадсан хүн ажилтай болох бүрэн боломжтой болсон үе байна.

-Геологичийн мэргэжлээр жилд дунджаар хичнээн хүүхдийг төгсгөдөг байсан бэ? Одоо бол элсэлт авхгүй байгаа юм байна шүү дээ.

-Урьд урьдны төгсөгчид жилдээ 25-26 хүүхэд төгсгөдөг байсан. Одоо бол сургалтын хөтөлбөрт өөрчлөлт ороод манай сургууль сүүлийн 3 жил элсэлт аваагүй байгаа. Яагаад гэвэл ашигт малтмалын эрэл хайгуул, геологийн мэргэжил дээд боловсрол руу индексээрээ шилжчихсэн. Мэргэжлийн анхан шатанд бэлтгэхгүй байгаа.

-Хүүхдүүд МСҮТ гэхээсээ илүү их сургуульд орохыг эрмэлздэг болчихож. Энэ нь төгсөөд ажлын байр гэхээсээ илүү нэр хүндийн баталгаа гэж боддог юм уу? Өнгөцхөн талаас нь хараад сэтгэл хөдлөлөөрөө шийдээд  байх шиг. Мэдээж дээд боловсрол эзэмшихийг эрмэлздэг хүмүүс байгаа ч дийлэнх нь үр дүнд хүрэхгүй байгаа нь анхаарал татдаг?

-Би МСҮТ-д 30 жил, яг 16-18 насны хүүхдүүдтэй ажиллаж байна. Геологич мэргэжлээр 10 гаруй жил, сургуулийн захирлаар 11 жил ажилласан. Бизнес аж ахуй эрхлэлтээр сүүлийн 10 хэдэн жил ажиллаж байна. Энэ жилүүдээс дүгнэхэд нэг үе дээд боловсрол руу хошуурдаг үе байсан одоо дээд  боловсрол  гэхээсээ илүү МСҮТ-д суралцах нь харьцангуй ихэссэн. Дээд боловсрол гэхээсээ илүү эхлээд мэргэжилтэй болох, хоолтойгоо залгасныхаа дараа сургалтын олон хэлбэрүүдээс сонгон мэргэжлээ ахиулдаг болсон байна. Энэ жилийн хувьд 500 оюутан авах төлөвлөгөөтэй байсан бол биелүүлсэн байгаа.

-Хүүхдүүд мэргэжлээ хэрхэн сонгох ёстой юм бол. Жишээ нь таныг мэргэжлээ сонгоход ямар хүн нөлөө үзүүлж байсан бэ? Эцэг эхийн нөлөөлөл их байгаа нь ажиглагддаг?

-Ер нь бол эцэг эхчүүд хүүхэддээ нэг зүйлийг тулган хүлээлгэдэг л дээ. Тэд эрэгтэй хүүхдүүдийг уул уурхайн чиглэлээр сургахыг эрмэлздэг. Эсвэл би эмч хүн учраас миний хүүхэд мэргэжлийг минь өвлөх ёстой ч гэдэг юм уу. Нөгөө талаар одоогийн нийгэмд хүүхэд өөрөө мэргэжлээ сонгож чаддаггүй. Яагаад гэвэл эдийн засгийн эх үүсвэр нь эцэг эхэд нь байдаг учраас эцэг эхчүүд өөрийхөө шаардлагаар явуулах нөхцөл бүрдэх үед хүүхдүүд хатуу шаардлагын дагуу сонирхолгүй мэргэжилдээ суралцаад нийгэмд байр сууриа олж чаддаггүй л дээ.Тэгэхээр 17-18 насанд нь эцэг эх хүүхэдтэйгээ найз шиг нь харилцах ёстой гэсэн сурган хүмүүжүүлэх ухаан байдаг. Хүүхэд өөрийхөө чин хүсэл эрмэлзлэлийг эцэг эхдээ биш найздаа хэлдэг байхгүй юу? Гэрийхэндээ хэлэхгүй байгаа шалтгаан бол багаас нь найз шиг нь ярилцаж сургаагүй, дэмжиж ирээгүй, хүслийг нь нухчин дардаг учраас л хэлэхгүй байгаа байх. Мэргэжлээ сонгохдоо хамгийн нэгдүгээрт,  өөрийн хүсэл сонирхол, хоёрдугаарт, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид зөвлөх  үүрэг гүйцэтгэж болно. Ах, дүү нар ч гэдэг юм уу танил хүмүүс нь ямар нэг мэргэжлээр амжилттай ажиллаж үр шимийг нь хүртсэн хүмүүсээс үлгэр дуурайлал авах нь их нөлөө үзүүлдэг. Миний хувьд нэг ном нөлөөлсөн. Одоо сонсоход инээдтэй байж магадгүй “Ундрах инженер” гэдэг номыг хүүхэд байхдаа уншиж байсан. Геологийн инженер эмэгтэйн тухай бичсэн ном байсан. Тэр номыг уншиж үзчихээд Ундрах инженер шиг геологийн инженер болох юмсан гэж хүсч эхэлсэн. Тэр ч утгаараа геологич хүнтэй гэрлэсэн.

-Эмэгтэй хүмүүс геологич мэргэжлийг сонгох нь ховор байдаг уу. Хүйсийн байдал ажлын бүтээмжид нөлөөлдөг үү?

-Сайн геологич болоод өөрөө сайн ажиллахад хүйсийн байдал нэг их нөлөөлөхгүй. Өөрөө гүйцэтгэх ажилтан болох юм бол эмэгтэй л хүн юм чинь хааяа бас бяр чадал дутах, уул хаданд ганцаараа сонирхсон зүйлдээ хүрч чадахгүй хүний гар харах тохиолдлууд байдаг л юм. Гэхдээ тэр бүхнийг даваад л гардаг.

-Геологич мэргэжлийн бусад мэргэжлээс ялгагдах онцлог шинж юу вэ?

-Нэрт сурган хүмүүжүүлэгч Сухомлинский хэлсэн байдаг. Миний шавь нар бүгдээрээ онц сурах албагүй, гэхдээ бүгдээрээ сониуч байгаа ч гэж хэлсэн байдаг. Тэгвэл сониуч хүн л геологийн мэргэжлийг сайн эзэмшинэ дээ.

-Геологич болсныхоо дараа яах гэж энэ мэргэжлийг сонгов доо хэмээн шантарч байсан үе, эсрэгээр нь би чинь ямар сайхан мэргэжил сонгосон юм бэ хэмээн бахархаж байсан үе бий юу? Мэдээж аливаа юм хар цагаан хоёр талтай байдаг шүү дээ?

-Өө байлгүй яах вэ. Шантарч байсан үе гэвэл анх төгсөж ирчихээд Элстэйд өрөмдлөг хийж, өрмийн геологич байхдаа жолонкоор өрөмдөж байх үед элсэнд жолонкоо дүрж орхиж болохгүй, элсэнд сорогдоод өрөм эвдрэх эрсдэл гарна гэдгийг сануулж байсан ч өрмийн мастер  нэг залуу шаардлагыг хүлээж авалгүй дүрж орхисон байлаа. Өглөө нь их муухай дуу гарч ёнгиноод, хар утаа хаяад л өрмийн мачид уначихсан байсан. Тэгээд мачид унаж эвдрээд баригадаараа төлбөрт орох үед эмэгтэй хүн геологич байх хэцүү юм байна даа гэж бодож байсан. Надад тэр жолонкийг гаргаад тавьчих техникийн мэдлэг байхгүй гэж шантарч байлаа. Дараа нь түүндээ суралцаж дээж авах үед нь өрмийг зогсоодог болж, гүйцэтгэх ажлыг өөрөө хийдэг болъё гэж бодоод өрмийн мастертай булаацалдсаар байгаад сурч аваад хүнд хэцүү байдлаас гарч байсан.

Бахархаж байсан үе гэвэл Дарханы ТТК-ын 60 жилийн ойгоор тэр сургуулийг байгуулагдсан цагаас хойш 500 гаруй геологич төгссөн гэсэн судалгаа гарсан. Тэр үед төгсөгчдөөс мэргэжлийн ур чадвараар нь байр эзлүүлэхэд би эхний 100-д орсон байлаа. Геологич мэргэжлээр ажиллаад удаагүй миний хувьд мэргэжлээрээ тэр л үед их бахархаж байсан. Багш хүн шавь нараа хэзээ ч мартдаггүй насан туршид нь дүгнэж явдаг юм билээ. Би геологичийн мэргэжлийг эзэмшсэнээсээ хойш харамсах гэхээсээ илүүтэйгээр бахархаж ирсэн.

-Залуу хүн мөрөөдөлдөө хэрхэн хүрэх ёстой юм бол оо? Үүний тулд зорилгоо хэрхэн тодорхойлох ёстой бол?

-Ер нь саад бэрхшээл бүхнийг л давж байж мөрөөдөлдөө хүрнэ дээ. Хүн бүхэнд өөр өөрийн гэсэн мөрөөдөл байдаг. Хөөрлийн процесс давамгайлж байх үе буюу 18-25 насыг мөрөөдлийн үе гэдэг. Яг л тэр үедээ “Ундрах инженер” гэдэг номыг уншсан тэр цагаас мөрөөдөлдөө хүрэх анхны алхамаа хийж сайн геологич болсон, геологийн багш ч боллоо. Өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад монгол орны өнцөг булан бүрт миний шавь нар амжилттай ажиллаж амьдарч байна. Тэгэхээр геологич гэх энэ эрхэм нэрийг намайг байх үед ч, надаас хойш ч дуурсгаж явна. Энэ л шавь нараараа үргэлж бахархаж явдаг.

-Хүн болгон мэргэжил эзэмшихэд амархан, харин мэргэших гэдэг хэцүү гэдэг байх л даа ?

-Мэргэших гэдэг бол тухайн зүйлийг аль ч талаас нь хийж чаддаг. Өөрийн эзэмшсэн чадвар юм. Харин мэргэжил гэдэг бол геологич, эмч, багш гэх мэт ерөнхийд нь ялгаж өгсөн онолын мэдлэгийг олж авах юм. Өөрөө мэргэжлээ хэрхэн хөгжүүлж чадсанаас мэргэших асуудал яригдана.

-Геологич мэргэжлийг сонгосноос хойш таны сэтгэлд үлдсэн хамгийн тод дурсамж юу вэ ?

-Би анх геологич болсны дараа ахмад ажилчидтай хамтран ажиллаж байсан. Олон жил дээж угаагч хийсэн Янжиндолгор гэх эмэгтэй надад геологич хүн гэдэг зөвхөн геологийг мэдээд зогсохгүй анхан шатны ажлаас нь эхлээд хийж чаддаг байхад л чи сайн геологич болно доо гэж хэлж байсан. Тэгээд надад анх дээж угаахыг зааж өгч байсан. Хожим намайг геологи ч хийж байх үед багш болсны дараа ч түүний тэр сургаал их хэрэг болсон. Хүн бол мэргэжилдээ дурлаад бага гэлтгүй хүний хэлснийг тусгаж сурах хэрэгтэй. Жирийн нэг гүйцэтгэх ажилтан хэлж байна гээд тоохгүй өнгөрч болох л байсан. Одоо хэр нь тэр хүнтэй нэг уулзаж ярилцах юмсан гэж боддог.

            -Дээд албан тушаалд очихын тулд дор хаяж хэдэн жил зарцуулагдах вэ?     

            -Инженер болъё гэвэл дор хаяж 5 жил ажиллах шаардлагатай байх гэж бодож байна. Ер нь геологийн дарга юмуу дээд албан тушаалд очихын тулд удирдлагын менежментээр заавал дахин мэргэшиж байж энэ ажлыг хийвэл зүгээр.

            -Геологич мэргэжлийн улс орны хөгжилд оруулсан бодитой хувь нэмэр юу байдаг вэ?

            -Геологийн анхны хайгуулын шугам тавьж байсан, анхны өрмийн цооногуудыг цоолж эхлэх гэж шавыг нь тавьж байсан тэр л газруудад энэ улс орны гол үйлдвэр уурхайнууд чинь баригдсан шүү дээ. Жнь: Эрдэнэтийг нээсэн геологичид, Заамарын бүлэг шороон орд, Дорноговийн хайлуур жоншнуудыг нээсэн, эдгээр газарт боссон хот суурин, үйлдвэр аж ахуйн газрууд, Таван толгой, Оюу толгойг нээсэн, энэ бүгд геологийн мэргэжилтнүүдийн гавьяа шүү дээ. Геологийн алх дуугарсан тэр л газруудад ирээдүйн үйлдвэр уурхай сүндэрлэж байдаг. Энэ утгаараа геологичийн мэргэжил бол үлдэцтэй бахархууштай мэргэжил шүү дээ.

            -Одоо миний асуух асуулт танд бүдүүлэг сонсогдож магадгүй юм. Гэхдээ энэхүү мэргэжлийн зайлшгүй нэг хэсэг тодруулах ёстой зүйл юм л даа? Анх төгсөж ирсэн геологичдын цалин ямар байдаг бол?

            -Яг одоо би геологичийн мэргэжлээр ажиллаагүй байгаа учраас тодорхой хэлж мэдэхгүй байна. Би бол хамгийн анх төгсөж ирээд тэр үедээ хамгийн өндөр цалинг авч байсан юм шиг байгаа юм. Хээрийн нэмгэдэлтэйгээ нийлээд 1050  төгрөг гар дээрээ авч байсан. Тэр үед их мөнгө шүү дээ. Залуучууд маань цалиндаа хүндэтгэлтэй хандаж хүлээн авч, амьдрал ахуйдаа зөв хүргэе гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй.

            -Геологич мэргэжлийг нэг үгээр төлөөлүүлж хэлбэл?

            -Намайг геологийн ангид суралцаж байхад анх ийм уриа гаргаж байсан юм. Бид эх орныхоо эрдэс баялгийг эрнэ, хайна. Олно олборлоно. Энэ л уриагаар өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн.

-Та анх “Ундрах инженер” номыг уншаад инженер болох хүсэл төрж байсан шиг таны өгсөн ярилцлагыг уншаад геологич мэргэжлийг сонгох хүүхдүүд олон байгаасай гэдэг ерөөлөөр энэ ярилцлагаа өндөрлөе. Танд баярлалаа.

 

Ярилцлагаа авч дууссаны дараа нөгөө их айж байсан сэтгэл минь хаачсан юм бэ гэмээр тайван болж ёстой л мэргэжлийг ингэж л эзэмшиж, ингэж л амьдрах ёстой юм байна гэсэн бодол төрсөн билээ. Бас түүний ярианаас олон зүйлийг мэдэж авлаа. Сайхан ярилцсаны дараа тавагтай идээнээс амссан ааруул урд нь идэж байсан ааруулнаас хамгийн амттай мэт санагдсан гээч. Тэрээр багш нь удахгүй тэтгэвэртээ гарах гэж байгаа би цаашдаа мэргэжлийн сургуулийн багш нарыг телевизээр гаргаж мэргэжлийн амтыг мэдрүүлсэн нэвтрүүлэг байвал зүгээр гэж боддог юм. Нэгэнт намайг зориод ирсэн учраас ирэээдүйд сэтгүүлч болох гэж байгаа хүний хувьд...

Ингэж бидний богинохон хэрнээ үнэтэй уулзалт өндөрлөсөн юм.

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 10 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

Дайснаа ч ээж шигээ хайрла
Цагаахан цаасан дээр ертөнцийн хамгийн сайхан зургийг зурахуй
Мэргэжлээ хобби болгон амьдралаа бүтээсэн нь
Зөвлөгөөг амьдралд хэрэгжүүлж чадвал
Хайрын өлсгөлөн
Хорвоо хэнийг шагнахаа аргагүй л мэддэг нүдтэй гэмээр амьд оршихуй юм
Чимээгүй сүндэрлэсээр
Жирийн малчны хотноос малчныг хайрлах сэтгэлтэй болсон
Оройгүй сүм номын тухай
Үсээ задлавал нөхөр уурлана

Найзууд




:-)
 
xaax